1. Үүний дараа Давид ЭЗЭНээс лавлан—Би Иудагийн хотуудын нэг уруу явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд—Явагтун хэмээн тушаав. Ийнхүү Давид—Би хаашаа явах вэ? хэмээн асуухад ЭЗЭН—Хеброн уруу хэмээн айлдав.
2. Тэгээд Давид өөрийн хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нартай хамт тийш явав.
3. Давид өөртэйгөө хамт байсан хүмүүсийг гэр бүлүүдийнх нь хамт дагуулж явав. Тэд Хеброны хотуудад амьдарлаа.
4. Дараа нь Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тослов. Тэд Давидад—Иабеш-гилеадын хүмүүс Саулыг оршуулсан билээ гэж хэлэв.
5. Давид Иабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээн, тэдэнд ийн хэлүүлэв.—Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэнгүй сэтгэл гаргаж, түүнийг оршуулсан тул та нар ЭЗЭНээр ерөөгдөх болтугай!
6. Одоо ЭЗЭН та нарт үнэн болоод хайр энэрлийг үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт сайныг үйлдэх болно.
7. Тийм учраас одоо гараа чангалж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул нас барсан, мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.
8. Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг Маханаим уруу аваачив.
9. Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин төдийгүй хамаг Израилийн хаан болгов.
10. Саулын хүү Иш-бошет нь Израилийн хаан болох үедээ дөчин настай байсан бөгөөд хоёр жил хаанчлав. Гэлээ ч Иудагийн гэр Давидыг дагав.
11. Давидын Хебронд Иудагийн гэрийн хаан байсан хугацаа нь долоон жил зургаан сар байв.
12. Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв.
13. Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч яван, тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Тэдний нэг нь цөөрмийн наад эрэгт, нөгөө нь цөөрмийн цаад эрэгт буув.
14. Абнер Иоабт—Залуусыг гарган өөрсдийнхөө өмнө тэмцэлдүүлье гэсэнд Иоаб—Гаргая гэв.
15. Тэгээд хүмүүс босож тоолуулахад Бениамин ба Саулын хөвгүүн Иш-бошетын талаас арван хоёр хүн, Давидын зарц нараас арван хоёр хүн байлаа.
16. Хүн бүр өөр өөрсдийнхөө өрсөлдөгчийн толгойноос зууран, бие биеийнхээ хавирга уруу илд дүрэн, хамт унацгаав. Тиймээс Гибеонд байдаг тэр газрыг Хелкат-хаззурим хэмээн нэрлэв.
17. Тэр өдөр ширүүн тулалдаан болж, Абнер болон Израилийн эрчүүд Давидын зарц нарт цохигдов.