1. Израилийн талаар ЭЗЭНий үгийн сануулга. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.
2. “Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно.
3. Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.
4. Тэр өдөр Би хүлэг бүгдийг самууруулан, морьтонгуудыг нь галзууруулан цохино. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
5. Иудагийн тэргүүлэгчид зүрхэндээ “Иерусалимын оршин суугчид бол тэдний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээр дамжуулан бидэнд хүчирхэг тусламж болдог” гэлцэнэ.
6. Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.
7. Давидын гэрийн алдар, Иерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд ЭЗЭН Иудагийн майхнуудыг аварна.