Үйлс 4:27-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Таны тосолсон, Таны ариун зарц Есүсийн эсрэг Херод, Понти Пилат нар харь үндэстнүүд болон израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ.

28. Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоогдсон [Таны] зорилго бүхэн биелэгдэхийн тулд болой.

29. Одоо Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч.

30. Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та [Өөрийн] мутраа сунгаач гэв.

31. Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.

32. Итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх, сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй, харин тэдний бүх юм нь нийтийнх байв.

33. Элч нар Эзэн Есүс [Христийн] амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой.

34. Гачигдаж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид нь цөмөөрөө тэр бүгдээ худалдсан өртгийг нь авчирч,

35. элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа.

36. Элч нарт Барнаб (орчуулбал, Тайвшралын Хүү) хэмээн нэрлэгддэг, Кипрт төрсөн Леви овгийн Иосеф нь

37. өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.

Үйлс 4