1. Иудейгээс ирсэн хэсэг хүмүүс—Мосегийн ёс заншлын дагуу хөвч хөндүүлэхгүй л бол та нар аврагдаж чадахгүй хэмээн ах дүүс нарт сургажээ.
2. Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, их маргаан болов. Ах дүүс хэдэн хүнийг Паул, Барнаб нарын хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов.
3. Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо харь үндэстнүүдийн Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав.
4. Тэднийг Иерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Бурханы өөрсөдтэй нь хамт үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ.
5. Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож—Тэд хөвч хөндүүлэн, Мосегийн Хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв.
6. Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав.
7. Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд—Ах дүү нар аа, харь үндэстнүүдэд сайн мэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан анхнаасаа намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэцгээж байгаа.
8. Зүрх сэтгэлийг мэдэгч Бурхан бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд
9. тэдний зүрх сэтгэлийг Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ.
10. Бидний эцгүүдийн, бас бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?
11. Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.
12. Цугласан олон бүгдээрээ чимээгүй байцгааж байлаа. Харь үндэстнүүдийн дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа.
13. Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков—Ах дүү нар минь, намайг сонсоцгоо.
14. Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харь үндэстнүүдийн дотроос авах талаар анх хэрхэн харуулсан тухай Симон хэллээ.