14. Харин тэд Пергээс гараад Писидийн Антиохт ирж, Амралтын өдөр синагогт орон суув.
15. Хууль болон эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу хүн явуулж,—Ах дүүс ээ, хэрэв та нарт ард олонд сургах зүйл байвал ярина уу гэхэд
16. Паул босож гараараа дохин ийн хэлэв.—Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгч та нар сонсоцгоо!
17. Энэ Израилийн ард түмний Бурхан бидний эцэг өвгөдийг сонгож, Египетийн нутагт байх үеийнх нь туршид тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр эцэг өвгөдийг маань тэндээс гаргасан.
18. Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэв.
19. Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад дөрвөн зуун тавиад жил өвлүүлсэн билээ.
20. Энэ явдлын дараа Тэр эш үзүүлэгч Самуелыг илгээх хүртлээ тэдэнд шүүгчдийг өгч байв.
21. Дараа нь тэд хаан гуйхад Бурхан Бениамины овгийн Кишийн хүү Саулыг тэдэнд өгчээ. Тэр дөчин жил хаанчлав.
22. Тэгээд Бурхан түүнийг зайлуулж, тэдэнд Давидыг хаан болгон өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх Миний зүрх сэтгэлийн дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би оллоо” гэсэн байдаг.
23. Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан.
24. Түүнийг ирэхийн өмнө Иохан Израилийн бүх ард түмэнд гэмшлийн баптисмыг тунхаглав.
25. Иохан үйлсийнхээ цар хүрээг гүйцээж байхдаа “Намайг хэн гэж та нар бодож байна вэ? Тэр чинь би бишээ. Харин миний араас ирж буй нэгний хөлөөс шаахайг нь ч тайлах зохистой хүн би биш” гэж хэлсээр байсан.
26. Ах дүүс ээ, Абрахамын гэр бүлийн хөвгүүд болон та нарын дунд байгаа Бурханаас эмээгч хүмүүс ээ! Энэхүү авралын үг нь та бидэнд илгээгдсэн юм.
27. Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн үгсийг ч ойлголгүйгээр Түүнийг ялласнаараа энэ бүхнийг гүйцэлдүүлжээ.
28. Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн.
29. Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булшинд тавив.
30. Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд
31. Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л чухамдаа Түүнийг ард олонд гэрчилдэг.