Тооллого 7:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Мосе асрыг босгож дууссан тэр өдрөө түүнийг тослон, бүх тавилга, тахилын ширээ болон түүний бүх хэрэгсэлтэй нь хамт түүнийг ариусгасан юм. Тэр бас тэдгээрийг тосолж, ариусгав.

2. Тэгээд Израилийн удирдагчид болох эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид тахилыг өргөв. (Тэд бол овгуудын удирдагчид байсан бөгөөд тоологдсон хүмүүсийг тэд тэргүүлж байлаа).

3. Тэд өөрсдийн тахилыг ЭЗЭНий өмнө авчирсан нь хоёр удирдагчийн дунд нэг тэрэг, хүн тус бүрд нэг үхэр буюу зургаан бүхээгтэй тэрэг, арван хоёр үхэр болов. Тэдгээрийг асрын өмнө авчрав.

4. Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

5. Эдгээр зүйлсийг хурлын майхны үйлчлэлд хэрэглэхийн тулд тэднээс хүлээн ав. Тэдгээрийг чи левичүүдэд, үйлчлэлийнх нь дагуу хүн бүрд өгөгтүн гэлээ.

6. Тиймээс Мосе тэрэгнүүд болон үхрүүдийг авч, тэдгээрийг левичүүдэд өгөв.

7. Гершоны хөвгүүдэд тэдний үйлчлэлийнх нь дагуу хоёр тэрэг, дөрвөн үхрийг өгсөн бөгөөд

8. Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байдаг байлаа.

9. Харин Кохатын хөвгүүдэд тэрээр юуг ч өгсөнгүй. Учир нь тэд мөрөн дээрээ ариун зүйлсийг авч явах үйлчлэлийг хийдэг байв.

10. Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтын тахилыг өргөв. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө тахилаа өргөв.

11. Тэгэхэд ЭЗЭН Мосед—Тахилын ширээний зориулалтанд өдөр бүр нэг удирдагч тахилаа авчран, тэд тахилуудаа өргөг гэв.

12. Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн бол Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв.

13. Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

Тооллого 7