Тооллого 32:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. “Египетээс гарч ирсэн хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковд Миний амласан тэр нутгийг харахгүй. Учир нь тэд Намайг бүрэн дагаагүй.

12. Харин кениз хүн Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа нар л харах болно. Учир нь тэд ЭЗЭНийг бүрэн дагасан” хэмээсэн.

13. Тийнхүү ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, ЭЗЭНий мэлмийд мууг үйлдсэн хүмүүсийн бүхэл бүтэн үе устах хүртэл Тэр тэднийг цөлд дөчин жил тэнүүчлүүлсэн билээ.

14. Одоо харагтун, нүгэлт хүмүүсийн зулзаганууд, та нар Израилийн эсрэг ЭЗЭНий шатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо.

15. Хэрэв та нар Түүнийг дагахаас няцан эргэх аваас Тэр дахин нэг удаа тэднийг цөл газарт хаян орхих бөгөөд та нар энэ бүх ард олныг устгах болно гэлээ.

16. Дараа нь тэд түүн уруу ойртон ирж,—Бид энд мал сүрэгтээ зориулан хонины хашаа хороог, багачууддаа зориулж хотуудыг барьж босгох болно.

17. Харин уг нутгийн оршин суугчдаас болж манай багачууд бэхлэгдсэн хотуудад амьдарч байх зуур Израилийн хөвгүүдийг нутагт нь аваачих үе хүртэл бид зэвсэглээд Израилийн хөвгүүдийн өмнө явахад бэлэн байх болно.

18. Израилийн хөвгүүдийн хүн нэг бүр өөрийн өвийг эзэмштэл бид өөрсдийн гэр орон уруу буцахгүй.

Тооллого 32