Тооллого 19:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм. Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд улиран үргэлжлэх тогтоол болох болой.

11. Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоон хоногийн туршид бузартсан болох ажгуу.

12. Тэр хүн гурав дахь өдөр, долоо дахь өдөрт өөрийгөө бузартлаас усаар цэвэршүүлэх бөгөөд тэр цэвэр болох болой. Гэвч хэрэв тэр хүн өөрийгөө гурав дахь өдөр, долоо дахь өдөрт эс цэвэршүүлэх аваас тэр цэвэр болохгүй.

13. Үхсэн хүний бие, цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлах болно. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх болно. Бузар нь түүний дээр хэвээр байх болно.

14. Майхан дотор хүн үхэхэд хууль нь ийм билээ. Майхан уруу орсон хүн бүр болон майханд байсан хүн бүр долоо хоногийн туршид бузартсан байх болой.

15. Дээр нь бэхлэгдсэн таггүй онгорхой сав бүр бузар болох ажгуу.

16. Бас хээр талд буй хэн нэгэн хүн илдэнд алагдсан нэгэнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл хүний яс, булшинд хүрсэн байвал тэр хүн долоо хоногийн туршид бузартсан байх болно.

17. Дараа нь бузартсан хүнд зориулж тэд нүглээс цэвэршүүлэх шатаалтын үнснээс хэсгийг аваад, саван дотор дээр нь урсгал усыг нэмэх болой.

18. Цэвэр хүн хиссопыг аваад усанд дүрж, майхан ба бүх тавилга дээр, мөн тэнд байсан хүмүүс дээр болон ясанд, эсвэл алагдсан хүнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл булшинд хүрсэн хүн дээр цацах ажгуу.

Тооллого 19