Тооллого 11:19-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр ч биш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш,

20. харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө уйлан «Бид ер нь юунд Египетийг орхив?» хэмээсэн” гэж хэл гэв.

21. Харин Мосе—Миний дунд нь буй ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал “Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно” хэмээн Та айлдав.

22. Тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө хонин сүрэг болон үхэр сүрэг нядлах болж байна уу? Эсвэл тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө далайн бүх загас хамтдаа цуглуулагдах болж байна уу? гэв.

23. ЭЗЭН Мосед хандан—ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.

24. Тийнхүү Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлэв. Мөн тэрээр ард олны ахмадуудын далан хүнийг цуглуулаад, майхныг тойруулан зогсоов.

25. Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж, түүнтэй ярив. Мосегийн дээр байсан Сүнсийг Тэр аван, далан ахмад дээр байрлуулав. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээв. Гэвч тэд дахин үүнийг үйлдсэнгүй.

26. Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр оршив (тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч майхан уруу очоогүй байв). Тэд буудалд эш үзүүлцгээв.

27. Тэгтэл нэг залуу хүн гүйн, Мосед хандан—Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв.

28. Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь—Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.

29. Харин Мосе түүнд—Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой хэмээн хэлэв.

30. Тэгээд Мосе болон Израилийн ахмадууд хуаран уруу буцав.

31. Тэнд ЭЗЭНээс салхи гаран, далайгаас бөднө шувуудыг авчран, тэдгээрийг хуарангийн дэргэд, хуарангийн эргэн тойронд наад талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, нөгөө талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, газрын гадаргуу дээр хоёр тохой орчим зузаан болтол унагав.

32. Ард олон бүтэн өдөр, бүтэн шөнө, мөн дараагийн бүтэн өдрийг зарцуулан бөднө шувуудыг цуглуулав. (Хамгийн бага цуглуулсан нэгэн нь арван хомерыг цуглуулсан байлаа.) Тэд өөрсдөдөө зориулан тэдгээрийг хуарангийн бүх эргэн тойронд тараан дэлгэв.

33. Мах нь тэдний шүдэн завсар байх зуур, зажлахаас нь ч өмнө ЭЗЭНий уур хилэн ард олны эсрэг дүрэлзсэн байлаа. ЭЗЭН ард олныг маш хүнд гамшгаар цохив.

34. Тиймээс уг газрын нэр нь Киброт-хаттаава хэмээн дуудагдсан. Учир нь тэд шуналтай байсан хүмүүсийг тэнд оршуулсан байлаа.

35. Киброт-хаттааваас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, тэндээ үлдэв.

Тооллого 11