Шүүгчид 9:46-57 Ариун Библи, 2004 (АБ2004)

46. Шехемийн цамхгийн хамаг ахлагчид үүнийг сонсоод, Ел-беритийн дуганы доод хонгилд орцгоов.

47. Шехемийн цамхгийн хамаг ахлагчид бүгдээрээ цугларсныг Абимелехт дуулгасанд

48. Абимелех өөрийн хамт байсан хүмүүстэйгээ Залмон Ууланд гарав. Абимелех гартаа сүх барьж, модны мөчир цавчин авч, түүнийгээ өргөн мөрөн дээрээ тавив. Тэгээд хамт байсан хүмүүстээ—Миний юу хийхийг харсны дагуу та нар ч хурдан тэгж хийгтүн гэж тушаав.

49. Бүх ардууд ч мөн нэг нэг мөчир цавчин, Абимелехийг даган явж, тэдгээрийг доод хонгилын дээр тавьж, дотор нь байгсдын дээр гал асаан доод хонгилыг шатаав. Шехемийн цамхгийн бүх хүмүүс, мянга гаруй эрэгтэй, эмэгтэй хүн үхэцгээв.

50. Тэгээд Абимелех Тебез уруу явж, Тебезийн харалдаа хуарагнан, түүнийг авч эзлэв.

51. Гэвч хотын төвд нэгэн бөх бат цамхаг байлаа. Бүх эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд хотын бүх ахлагчдын хамт тийш зугтаан орж, өөрсдийгөө түгжин цамхгийн дээвэрт гарав.

52. Абимелех цамхаг уруу ойртон, тэдний эсрэг тулалдаж, гал тавихын тулд цамхгийн үүдэнд ойрттол

53. нэгэн эмэгтэй Абимелехийн толгой дээр тээрмийн чулууг шидэж, гавлыг нь хагалав.

54. Абимелех өөрийн зэвсэг баригч залууг яаран дуудаж—Чи илдээ сугалан, намайг алагтун. Энэ нь “Эмэгтэй хүн түүнийг алсан” хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг хатгасанд тэр үхэв.

55. Израиль хүмүүс Абимелехийн нас барсныг хараад, бүгд өөр өөрийн гэртээ харьцгаав.

56. Ингэж өөрийнхөө далан ах дүүгээ алж, эцэгтээ үйлдсэн Абимелехийн бузар мууг Бурхан өөрт нь хариулав.

57. Бурхан бас Шехемийн хүмүүсийн бүх л бузар мууг өөрсдийнх нь толгой дээр буулгав. Иеруббаалын хөвгүүн Иотамын хараал тэдэн дээр ирэв.

Шүүгчид 9