27. Тэд талбайд гарч, өөрсдийн усан үзмээ хураан шахаж, баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны дуганд ороод, идэж уун Абимелехийг хараацгаав.
28. Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал—Абимелех гэгч хэн бэ? Шехем гэгч хэн бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ? Абимелех Иеруббаалын хөвгүүн ба Зебул Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд үйлчил. Харин яагаад бид Абимелехт зарагдах ёстой юм бэ?
29. Энэ ард түмэн миний эрхэн дор байсан ч болоосой! Тэгвэл би Абимелехийг хөөн зайлуулахсан хэмээн агсраад, Абимелехт—Цэргийн хүчээ нэмэн, хүрч ирэгтүн хэмээн хэлүүлэв.
30. Ебедийн хөвгүүн Гаалын үгийг хотын захирагч Зебул сонсож, уур хилэн нь бадарлаа.
31. Тэр Абимелех уруу нууцаар элч нарыг илгээн—Үзэгтүн, Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд ирээд байна. Одоо тэд хотыг таны эсрэг босгож байна.
32. Тэгэхээр өөрийнхөө ардын хамт шөнөөр босож, талд нуугдан хүлээгтүн.
33. Өглөө эрт нар мандмагц та эртлэн босож, хот уруу дайран орогтун. Гаал болон түүнтэй хамт байгч ардууд таны эсрэг гарч ирэх цагт та өөрийн хийж чадах бүх зүйлээ үйлдэгтүн гэж хэлүүлэв.
34. Ийнхүү Абимелех ба түүнтэй хамт байгч бүх ард шөнөөр босож, дөрвөн ангид хуваагдан, Шехемийн эсрэг нуугдан бүгэв.
35. Ебедийн хөвгүүн Гаал гарч ирэн, хотын хаалганы үүдэн дээр зогсов. Абимелех өөрийнхөө хүмүүсийн хамт нуувчаасаа босоцгоолоо.
36. Гаал тэр хүмүүсийг хараад, Зебулд—Хараач, уулсын оройгоос хүмүүс буун ирж байна гэсэнд Зебул түүнд—Чи уулсын сүүдрийг хүн гэж харж л дээ гэв.
37. Гаал дахин—Үзэгтүн, хүмүүс энэ газрын хамгийн өндөрлөг газраас бууж ирж байна. Бас нэг анги царс модны хавиас ирж байна гэв.
38. Зебул түүнд—Чиний “Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?” хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод, тэдэнтэй тулалдагтун гэв.
39. Тэгэхэд Гаал Шехемийн удирдагчдын түрүүнд гарч яван, Абимелехтэй тулалдлаа.
40. Абимелех давшин, Гаал ухрав. Хотын хаалганы үүд хүртэл олон хүн эрсдэн унав.
41. Дараа нь Абимелех Арумад үлдэж, харин Зебул Гаалыг ах дүүсийнх нь хамт хөөн зайлуулж тэднийг Шехемд суулгасангүй.
42. Дараагийн өдөр нь ардууд талд гарч ирснийг Абимелехт мэдэгдэв.
43. Тэр өөрийн хүмүүсээ авч, гурван ангид хуваагаад, талд нуугдан хүлээв. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг хармагц довтолж, тэднийг хүйс тэмтэрлээ.
44. Дараа нь Абимелех ба түүнтэй хамт байсан нэг анги нь урагшаа довтолж, хотын хаалган дээр зогсов. Нөгөө хоёр анги нь талд байсан ард уруу довтолж, тэднийг устгажээ.