Шүүгчид 9:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иеруббаалын хөвгүүн Абимелех Шехемд байдаг нагац нар дээрээ очиж, тэдэнд болон эхийнхээ эцгийн өрхийн бүхий л овогт хандан,—

2. Шехемийн бүх ахлагчдын өмнө хэлэгтүн. “Иеруббаалын бүх хөвгүүд болох далан хүн та нарыг захирах, эсвэл ганц хүн та нарыг захирахын аль нь та нарт дээр вэ?” гэж асуу. Би та нарын яс махны тасархай гэдгийг ч санагтун гэв.

3. Абимелехийн нагац нар нь түүний өмнөөс энэ бүгдийг Шехемийн бүх ахлагчдад хэлсэнд тэд Абимелехийг даган хошуурав.—Тэр бидний хамаатан хэмээн тэд хэлцгээжээ.

4. Тэд Баал-беритийн дуганаас далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа.

5. Тэгээд Абимелех Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ.

6. Шехемийн болон Бет-миллогийн хамаг хүмүүс нэгдэн чуулаад, тэд явж, Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв.

7. Иотамд энэ тухай мэдэгдэхэд тэр явж, Геризим уулын оргил дээр гарч зогсоод, дуугаа өндөрсгөн тэдэнд хандаж—Шехемийн хүмүүс ээ, намайг сонсогтун. Тийнхүү Бурхан та нарыг сонсох болно.

8. Нэгэн удаа модод өөрсдийн хааныг өргөмжлөн тослохоор явцгаав. Тэд чидун модонд хандан “Бидний хаан болооч” гэсэнд

9. чидун мод тэдэнд “Бурхан ба хүнийг хүндлэхийн тулд хэрэглэдэг өөрийн тосыг би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” хэмээв.

10. Тэгэхээр нь модод инжрийн модонд хандан “Ирж, бидний хаан болооч” гэсэнд

11. инжрийн мод тэдэнд “Би өөрийн амтлаг болоод сайн үр жимсээ хаяж, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” гэж хэлэв.

Шүүгчид 9