15. Тэр түүнд—Надад ерөөлөө хайрлаач. Нэгэнт надад Негевийн нутгийг өгснөөс хойш мөн булгуудыг нь өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг түүнд өгөв.
16. Мосегийн хадам эцэг Кен хүний удмынхан Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос Арадын өмнө оршдог Иудагийн цөл уруу яван, хүмүүстэй нь хамт амьдран суув.
17. Иуда ах Симеонтой хамт явж, Зефатад амьдарч байгаа канаанчуудыг цохиж алаад, хотыг бүрмөсөн устгав. Ийнхүү тэр хот Хорма гэж нэрлэгдэх болов.
18. Газ, Ашкелон, Екроныг хязгаар нутгуудынх нь хамт Иуда авав.
19. ЭЗЭН Иудатай хамт байсан ба тэд уулархаг нутгийг эзлэн авав. Гэвч тал хөндийн хүмүүс төмөр тэрэгтэй байсан тул тэднийг хөөн зайлуулж чадсангүй.
20. Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд, тэр Анакийн гурван хөвгүүнийг тэднээс хөөж зайлуулав.
21. Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдрав.
22. Үүнтэй адил Иосефын гэрийнхэн Бетелийн эсрэг дайрахад, ЭЗЭН тэдэнтэй хамт байв.
23. Иосефын гэрийнхэн Бетелийг тагнав. (Энэ хотын нэрийг урьд нь Луз гэдэг байжээ).
24. Хотоос нэгэн хүнийг гарч ирэхийг туршуулууд хараад, түүнд “Бидэнд хотын орох хаалгыг зааж өгөөч, тэгвэл бид чамд энэрэнгүй хандах болно” гэв.
25. Хотын орох хаалгыг тэр зааж өгөхөд, тэд илдний ирээр хотыг устгав. Харин өнөөх эрийг бүх гэр бүлийнх нь хамт чөлөөлөв.
26. Тэр хүн хитчүүдийн нутагт очин, нэгэн хот барьж, түүнийгээ Луз гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл ийнхүү нэрлэгддэг.
27. Харин Манассе нь Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудыг эзлэн аваагүй тул канаанчууд тэр нутагт амьдарсаар байв.
28. Израиль хүчирхэг болоход, канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн боловч тэднийг бүрмөсөн хөөж зайлуулсангүй.
29. Ефраим ч мөн Гезерт оршин сууж байсан канаанчуудыг хөөж зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдрав.
30. Зебулун Китроны болон Нахалолын оршин суугчдыг хөөж зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов.
31. Ашер нь Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг хөөж зайлуулсангүй.
32. Канаанчуудыг хөөгөөгүй учраас ашерчууд уг нутагт оршин суугчид болон канаанчуудын дунд амьдрав.
33. Нафтали нь Бет-шемешийн болон Бет-анатын оршин суугчдыг хөөж зайлуулалгүй, харин уг нутгийн оршин суугчид болж Канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-шемеш болон Бет-анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болов.