4. Гэсэн ч ЭЗЭН болох Израилийн Бурхан намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар сонгосон юм. Иудагийн гэр, миний эцгийн гэр болон миний эцгийн хөвгүүдийн дундаас Тэрээр намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.
5. Миний бүх хөвгүүнээс (учир нь ЭЗЭН надад олон хөвгүүд өгсөн) Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонгов.
6. Тэр надад айлдахдаа “Миний өргөө болон Миний хашаануудыг барих хүн бол чиний хүү Соломон юм. Учир нь Би түүнийг Өөрийн хөвгүүн болгохоор сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно.
7. Тэрээр одоо үйлддэг шигээ Миний тушаал, Миний заавруудыг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм.
8. Иймээс одоо, та нар ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдний өмнө, бидний Бурханы сонорт өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалыг сахин мөрдөхөө хэлэгтүн. Тэгвэл та нар энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэх болно.
9. Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхнүүдийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах аваас, Тэр чамайг мөнхөд орхино.
10. Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосон тул одоо үүнийг анхааралдаа ав. Зоригтой байж, үйлдэгтүн хэмээв.
11. Дараа нь сүмийн үүдний танхим, түүний барилга байгууламж, түүний агуулахууд, түүний дээд өрөөнүүд, түүний дотор өрөөнүүд болон өршөөлийн суудалд зориулсан өрөө зэргийн загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өгөв.
12. Бас Ариун Сүнсний түүнд зааж өгсөн ёсоор ЭЗЭНий өргөөний хашаанууд, эргэн тойрны бүх өрөө, Бурханы өргөөний агуулахууд болон өргөгдсөн зүйлсийн агуулахуудын талаар бүх загвар зургийг өгөв.
13. Мөн тахилч нар болон левичүүдийн бүлгүүд, ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн бүх ажил, ЭЗЭНий өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглэлийн талаар тайлбарлажээ.
14. Мөн бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх алтан сав суулгануудын алтны жин буюу алтан сав суулганууд, бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх мөнгөн сав суулгануудын мөнгөний жин буюу мөнгөн сав суулганууд,
15. алтан дэнлүүний сууринд зориулсан алтны жин болон тэдгээрийн алтан дэнлүүнүүд, мөнгөн дэнлүүний сууринд зориулсан мөнгөний жин, дэнлүүний суурь бүрийн зориулалтын дагуу тэдгээрийн болон дэнлүүнийх нь жин,
16. мөн ил тавих талхны ширээнд зориулан ширээ бүрийн алтны жин, мөнгөн ширээнүүдэд зориулсан мөнгөний жин,
17. бас шижир алтан сэрээ, тогоо, савнууд, мөн алтан аягануудад тус бүрийнх нь жинг, мөнгөн аягануудад зориулсан тус бүрийнх нь жингийн талаар тогтоож өгчээ.