Шастирын Дээд 21:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Ингэхэд дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээг босгох ёстойг Давидад хэлэхийг ЭЗЭНий тэнгэр элч Гадад тушаав.

19. ЭЗЭНий нэрээр хэлсэн Гадын үгээр Давид явав.

20. Орнан хойш эргэн, тэнгэр элчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. Орнан буудай цайруулж байв.

21. Давид Орнан уруу дөхөж байхад Орнан Давидыг хараад, үтрэмээсээ гарч ирэн, Давидын өмнө нүүрээрээ газар сунан мөргөв.

22. Тэгээд Давид Орнанд—Би энд ЭЗЭНд тахилын ширээг босгохын тулд энэ үтрэмийн газраа надад өгөөч. Ард түмнээс тахлыг салгахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь зарах ёстой хэмээв.

23. Орнан Давидад—Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан өөрийн нүдэнд таалагдсанаа үйлдэгтүн. Хардаа, би шатаалт тахилд зориулан үхрийг, түлээ болгон тариа цайруулагч нүдүүрийг, идээн өргөлд зориулан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв.

24. Гэвч Давид Хаан Орнанд—Үгүй, би заавал үүнийг бүтэн үнээр нь худалдан авна. Учир нь би чиний юмыг ЭЗЭНд зориулан авахгүй, мөн үнийг нь төлөөгүй зүйлээр шатаалт тахил өргөхгүй хэмээв.

25. Давид газрын үнэнд зургаан зуун алтан шекелийг Орнанд өгөв.

26. Тэгээд Давид тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгон, шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. Давид ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав.

Шастирын Дээд 21