Шастирын Дээд 19:4-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тиймээс Ханун Давидын түшмэдийг барьж, сахлыг нь хусаад, өмссөн хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцаан явуулав.

5. Хэдэн хүн явж Давидад элч нарынх нь тухайд айлтгав. Өнөөх хүмүүст маш ихээр доромжлуулсан тул Давид тэдэн уруу хүн илгээжээ. Хаан тэдэнд—Та нарын сахал ургаж гүйцэх хүртэл Иериход үлдээд, дараа нь буцаж ирэгтүн хэмээн хэлүүлэв.

6. Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх хэрэг үйлдсэнээ мэдээд, Ханун болон Аммоны хөвгүүд өөрсдөдөө тэрэг ба морьт цэргүүдийг Месопотами, Араммаака болон Зобагаас хөлслөн авахаар мянган мөнгөн талантыг илгээв.

7. Тэд өөрсдөдөө гучин хоёр мянган тэрэг, Маакагийн хаан болон түүний хүмүүсийг хөлслөн авав. Тэд ирж, Медебагийн өмнө хуарагнан буув. Аммоны хөвгүүд ч өөрсдийн хотуудаас хуран цуглаж, дайтахаар ирэв.

8. Давид үүнийг сонсоод, Иоаб болон хүчирхэг эрчүүдээс бүрдсэн бүх цэргээ илгээв.

9. Аммоны хөвгүүд гарч ирэн, хотын орох хаалган дээр дайтахад бэлтгэн жагсаж, ирсэн хаад ч өөрсдийн цэргээ хээр талд байрлуулав.

10. Тулалдаан урд талд болон араар нь өөрийнх нь эсрэг өрнөж байгааг Иоаб хараад, бүх цэргээс Израилийн шилдэг дайчдыг сонгон авч, тэд арамейчуудын эсрэг жагсан байрлав.

11. Харин үлдсэн хүмүүсийг Иоаб өөрийн дүү Абишаигийн гарт даатгав. Тэд Аммоны хөвгүүдийн эсрэг жагсан байрлажээ.

12. Иоаб өгүүлэхдээ—Хэрэв арамейчууд надаас хүчээрээ их бол чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас илүү хүчтэй байх аваас, би чамд тусална.

13. Хүчирхэг байж, өөрсдийн ард түмэн болон бидний Бурханы хотуудын төлөө зоригтойгоор тулалдацгаая. Мэлмийд нь сайн зүйлийг ЭЗЭН үйлдэх болтугай гэв.

14. Ингээд Иоаб өөрийн хүмүүсийн хамт арамейчуудын эсрэг тулалдахаар ойртоход арамейчууд Иоабын өмнөөс зугтацгаав.

15. Аммоны хөвгүүд арамейчуудын зугтахыг хараад, өөрсдөө ч мөн Иоабын дүү Абишаигийн өмнөөс зугтан, хот уруугаа оров. Тэгээд Иоаб Иерусалимд ирлээ.

16. Арамейчууд Израильд дийлдсэнээ хараад, элч нарыг илгээн, Евфратын чанадад байх арамейчуудыг тэднийг удирдаж буй Хададезерын цэргийн жанжин Шофакийн хамтаар ирүүлэв.

Шастирын Дээд 19