Шастирын Дээд 16:17-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэр мөн үүнийгээ Иаковд тогтоол болгон,Израильд мөнхийн гэрээ болгон баталж өгөөд,

18. “Би та нарт Канааны газрыг та нарын өвийн хэсэг болгон өгнө” гэж айлдсан билээ.

19. Тэд тоогоор цөөн, маш цөөхөн бөгөөдтэр газарт харь хүмүүс байсан үед,

20. тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу,нэг хаанчлалаас өөр ард түмэн уруу тэнүүчлэн явах үед нь

21. тэднийг дарлахыг ЭЗЭН хэнд ч зөвшөөрөлгүй,тэдний төлөө хаадыг зэмлэн,

22. “Миний тослогдсон хүмүүст бүү хүрч,Миний эш үзүүлэгчдэд хор хөнөөл бүү учруулагтун” хэмээн айлдсан билээ.

23. Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун.Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.

24. Түүний яруу алдрын талаар үндэстнүүдийн дунд хэлж,Түүний гайхамшигт үйлсийн талаар бүх ард түмнүүдийн дунд яригтун.

25. Учир нь ЭЗЭН бол агуу бөгөөд агуугаар магтагдах Нэгэн.Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн.

26. Учир нь хүмүүсийн бүх бурхад бол шүтээнүүд юм.Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн билээ.

27. Түүний өмнө сүр жавхлан, яруу алдар бий.Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий.

28. ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа,ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.

29. Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн.Өргөлөө авчран Түүний өмнө ир.Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн.

30. Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн.Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.

Шастирын Дээд 16