Шастирын Дээд 12:28-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. мөн эрэлхэг дайчин залуу Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр ахмад байв.

29. Саулын төрөл садан болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна.

30. Ефраимын хөвгүүдээс хорин мянга найман зуун эрэлхэг дайчин эр байсан бөгөөд тэд өөрсдийн эцгүүдийн бүлүүдэд нэртэй хүмүүс байв.

31. Манассегийн хагас овгоос Давидыг хаан болгохын тулд сонгогдсон арван найман мянган эрс байв.

32. Иссахарын хөвгүүдээс цаг үеэ мэдэрч, Израиль юу хийх ёстой талаар мэддэг хүмүүс байв. Тэдний хоёр зуун удирдагч нь өөрсдийн бүх төрөл садангаа дагуулан ирсэн байлаа.

33. Зебулунаас байлдааны бэлтгэлтэй, бүх төрлийн зэвсэг агссан, хоёргүй сэтгэлээр Давидад туслахаар цугларсан цэрэг нь тавин мянга байв.

34. Нафталиас мянган ахмадууд ба тэдэнтэй хамт бамбай жадтай гучин долоон мянган эр байв.

35. Данчуудаас тулалдааны бэлтгэлтэй хорин найман мянга зургаан зуун хүн байв.

36. Ашераас тулалдааны бэлтгэлтэй дөчин мянган хүн байв.

37. Иорданы нөгөө талаас буюу Реубен, Гад, Манассегийн хагас овгоос байлдааны төрөл бүрийн зэвсэг агссан зуун хорин мянган цэрэг ирэв.

38. Тулалдааны бэлтгэлтэй эдгээр бүх дайчид Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн цэвэр итгэлтэйгээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн хүмүүс ч бүгд Давидыг хаанаар өргөмжлөх нэгэн санаатай байв.

39. Тэдний төрөл садангууд нь тэдэнд хоол бэлтгэн өгсөн тул тэд идэж, уусаар Давидтай хамт гурван хоног тэнд байв.

40. Үүнчлэн тэдний ойр орчмынхон буюу бүр Иссахар, Зебулун, Нафталиас ч илжиг, тэмээ, луус, үхэр дээр хүнс ачин, гурилан боов, инжиртэй талх, хатаасан үзэм, усан үзмийн дарс, тос, үхэр, хонийг маш ихээр авчрав. Израильд үнэхээр баяр хөөртэй байлаа.

Шастирын Дээд 12