21. Тэд бүгд эрэлхэг хүчит дайчид бөгөөд цэргийн дарга нар байсан тул дээрэмчдийн бүлгүүдийн эсрэг Давидад туслав.
22. Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийг бүрэлдүүлэв.
23. ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах болой.
24. Бамбай, жад үүрсэн, дайтахаар зэвсэглэсэн Иудагийн хөвгүүд нь зургаан мянга найман зуу байв.
25. Симеоны хөвгүүдээс дайнд эрэмгий долоон мянга нэг зуун хүчит эр байв.
26. Левийн хөвгүүдээс дөрвөн мянга зургаан зуун хүн байв.
27. Иехоиада нь Аароны бүлийн удирдагч байсан бөгөөд түүний хамт гурван мянга долоон зуун хүн,
28. мөн эрэлхэг дайчин залуу Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр ахмад байв.
29. Саулын төрөл садан болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна.
30. Ефраимын хөвгүүдээс хорин мянга найман зуун эрэлхэг дайчин эр байсан бөгөөд тэд өөрсдийн эцгүүдийн бүлүүдэд нэртэй хүмүүс байв.
31. Манассегийн хагас овгоос Давидыг хаан болгохын тулд сонгогдсон арван найман мянган эрс байв.
32. Иссахарын хөвгүүдээс цаг үеэ мэдэрч, Израиль юу хийх ёстой талаар мэддэг хүмүүс байв. Тэдний хоёр зуун удирдагч нь өөрсдийн бүх төрөл садангаа дагуулан ирсэн байлаа.
33. Зебулунаас байлдааны бэлтгэлтэй, бүх төрлийн зэвсэг агссан, хоёргүй сэтгэлээр Давидад туслахаар цугларсан цэрэг нь тавин мянга байв.
34. Нафталиас мянган ахмадууд ба тэдэнтэй хамт бамбай жадтай гучин долоон мянган эр байв.
35. Данчуудаас тулалдааны бэлтгэлтэй хорин найман мянга зургаан зуун хүн байв.