19. Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн уруу Манассегаас хэсэг хүмүүс ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Юу гэвэл, Филистийн ноёд зөвлөлдсөний дараа—Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд бууж өгөхгүй гэж үү? гээд Давидыг холдуулан явуулав.
20. Давид Зиклаг уруу явах үед, тэнд түүн уруу Манассегаас урван ирсэн хүмүүс гэвэл Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетай нар буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар болой.
21. Тэд бүгд эрэлхэг хүчит дайчид бөгөөд цэргийн дарга нар байсан тул дээрэмчдийн бүлгүүдийн эсрэг Давидад туслав.
22. Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийг бүрэлдүүлэв.
23. ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах болой.
24. Бамбай, жад үүрсэн, дайтахаар зэвсэглэсэн Иудагийн хөвгүүд нь зургаан мянга найман зуу байв.
25. Симеоны хөвгүүдээс дайнд эрэмгий долоон мянга нэг зуун хүчит эр байв.
26. Левийн хөвгүүдээс дөрвөн мянга зургаан зуун хүн байв.
27. Иехоиада нь Аароны бүлийн удирдагч байсан бөгөөд түүний хамт гурван мянга долоон зуун хүн,
28. мөн эрэлхэг дайчин залуу Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр ахмад байв.
29. Саулын төрөл садан болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна.
30. Ефраимын хөвгүүдээс хорин мянга найман зуун эрэлхэг дайчин эр байсан бөгөөд тэд өөрсдийн эцгүүдийн бүлүүдэд нэртэй хүмүүс байв.