6. Давид—Хамгийн түрүүнд Иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон, явж жанжин болов.
7. Тэгээд Давид тэр бэхлэлтэд оршин суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ.
8. Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов.
9. Түмэн цэргийн ЭЗЭН Давидтай хамт байсан тул тэрээр улам хүчирхэгжсээр байв.
10. Давидтай байсан хүчит эрсийн толгойлогчид нь дараах болой. Тэд Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу хаанчлалд нь Давидад идэвхтэй туслан, бүх Израилийн хамт түүнийг хаанаар өргөмжилсөн хүмүүс болой.
11. Давидтай байсан хүчит эрсийн жагсаал нь дараах болой. Гучин хүний тэргүүлэгч нь хагмон хүний хүү Иашобеам юм. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа өргөн тэднийг нэг далайлтаар алсан хүн билээ.
12. Түүний удаах нь ахо хүн Додогийн хүү Елеазар бөгөөд тэр гурван хүчит эрийн нэг билээ.
13. Филистчүүд тулалдахаар Пасдаммимд бөөгнөрөн цуглах үед тэрээр тэнд Давидтай хамт байв. Тэнд нь арвай их тарьсан талбай байсан бөгөөд хүмүүс филистчүүдээс зугтаав.
14. Тэд талбайн гол дунд байрлалаа эзлээд талбайг хамгаалан, Филистийн цэргүүдийг цохив. ЭЗЭН агуу ялалтаар тэднийг аврав.
15. Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнан байх үед гучин тэргүүлэгч эрсийн гурав нь хаданд буй Давидыг хайн Адулламын агуйд ирэв.
16. Филистийн цэргийн анги Бетлехемд байх үед Давид Ариун уулын бэхлэлтэд байв.
17. Давид—Хэн нэгэн нь Бетлехемийн хаалганы хажууд байх худгаас надад ус авчран өгдөг ч болоосой! хэмээн хүсэмжилсэнд
18. өнөөх гурав филистчүүдийн хуаранд цөмрөн орж, Бетлехемийн хаалганы хажуудах худгаас ус хутган авчирч Давидад өгөв. Гэсэн хэдий ч Давид тэр усыг уулгүй, харин ЭЗЭНий өмнө асгаж,—
19. Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Энэ гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм болой.
20. Иоабын дүү Абшаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа эргүүлэн тэднийг алсан билээ. Тэр мөнөөх гучийн адил нэр хүндтэй байв.
21. Тэр нь энэ шилдэг гучин хүнээс хамгийн ихээр хүндлэгдэн дээдлэгдсэн нь билээ. Тэрээр тэдний жанжин болсон боловч тэргүүн гуравтай дүйцэхгүй.
22. Иехоиадагийн хүү Бенаиа бол Кабзеелын зоригт эрийн хүү бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан агуу үйлстэй хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж, арслан агнасан билээ.