Шастирын Дэд 7:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэгээд долдугаар сарын хорин гурав дахь өдөр тэрээр ард түмнээ майхан, майхан уруу нь буцаав. Өөрийн ард түмэн Израильд болон Давид, Соломон нарт үзүүлсэн ЭЗЭНий сайн сайханд баярлан хөөрч, сэтгэлдээ жаргалтайгаар тэд явцгаав.

11. Ийнхүү Соломон ЭЗЭНий өргөө, хааны ордныг дуусгаж, ЭЗЭНий өргөө болон өөрийн ордон дотор хийхээр төлөвлөсөн бүхнээ амжилттайгаар хийж гүйцээв.

12. ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд хандан—Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа.

13. Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед

14. Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.

15. Энэ газарт өргөгдөх залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний чих сонор байх болно.

16. Миний нэр тэнд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгоод, ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх сэтгэл тэнд үргэлж байх болно.

17. Хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасан бүгдийн дагуу үйлдэн, Миний зарлиг, Миний тогтоолыг сахивал,

18. чиний эцэг Давидтай гэрээ байгуулан, “Израильд захирагч байх хүнээр чи дутагдахгүй” гэж айлдсанаараа Би чиний хааны сэнтийг тогтооно.

19. Гэвч чи хэрэв эргэж, чиний өмнө тавьсан Миний зарлиг, Миний тушаалуудыг умартан, явж, өөр бурхдад үйлчилж, тэдэнд мөргөвөл,

Шастирын Дэд 7