14. Тэрээр—Израилийн Бурхан болох ЭЗЭН, бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхдаг Өөрийн боолууддаа хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг Тантай адил бурхан тэнгэрт ба газар дээр үгүй билээ.
15. Та Өөрийн боол миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаараа хэлснээ энэ өдөр Өөрийнхөө мутраар биелүүлэв.
16. Тиймээс одоо, Израилийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн боол миний эцэг Давидад “Хэрэв чиний хөвгүүд өөрсдийн замууддаа анхаарч, Миний өмнө чиний амьдарсан шиг Миний хууль дотор замнах аваас, Израилийн хаан ширээнд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу.
17. Тиймээс одоо Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та Өөрийн боол Давидад хэлсэн үгээ баталж өгөөч.
18. Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!
19. Гэсэн ч миний Бурхан ЭЗЭН, Та боолынхоо залбирал, гуйлтыг болгоон соёрхооч. Таны өмнө боолынхоо уйлан залбирах залбирлыг сонсоорой.
20. Таны боол энэ газар уруу харан залбирах залбирлыг сонсохын тулд энэ өргөө буюу Өөрийн нэрээ тэнд тавина гэж Таны хэлсэн тэр газар уруу Таны мэлмий өдөр ч, шөнө ч нээлттэй байх болтугай.
21. Таны боол болон Таны ард түмэн Израиль энэ газар уруу залбирах үед тэдний гуйлтыг сонсооч. Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсооч. Сонсоод, өршөөгөөч.
22. Хэрэв хүн хөршийнхээ эсрэг нүгэл үйлдээд, тангараг тавихаар болоод, ирж, энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө тангараглавал,
23. Та тэнгэрээс сонсон, үйлдэл хийж, Өөрийн боолуудаа шүүгээч. Бузар хүнийг өөрийнх нь толгой дээр өөрийнх нь үйлдлийг буулгаснаар шийтгэж, зөв шударга хүнд өөрийнх нь зөв шударга байдлын дагуу өгснөөр түүнийг зөвтгөнө үү.