1. Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажил дуусжээ. Соломон эцэг Давидынхаа зориулан өргөсөн зүйлс болох мөнгө, алт болон бүх сав суулгануудыг оруулж ирэн, тэдгээрийг Бурханы өргөөний эрдэнэсийн сангуудад тавьлаа.
2. Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот болох Сионоос залахаар Израилийн ахмадууд, Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн удирдагчид болох овгуудын бүх тэргүүнийг Соломон Иерусалимд цуглуулав.
3. Израилийн бүх эрчүүд баяр наадмаар буюу долдугаар сард хаан уруу цугларав.
4. Дараа нь Израилийн бүх ахмадууд ирж, левичүүд авдрыг өргөв.
5. Левийн тахилч нар авдар, хурлын майхан болон майхан дотор байсан бүх ариун сав суулгыг авчрав.
6. Соломон хаан болон түүнтэй хамт авдрын өмнө цугласан Израилийн бүх чуулган нь маш их хонь, үхрээр тахил өргөж байсан тул тэдгээрийг тоолж, тооцоолж барахааргүй байлаа.
7. Тэгээд тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу ариунаас ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.
8. Учир нь херубууд далавчнуудаа авдрын байх газрын дээр дэлгэснээрээ авдар болон дамнуургуудыг нь халхалж байв.
9. Дамнуургууд маш урт байсан учир авдрын дамнуургуудын үзүүрүүд нь дотоод ариун газрын наанаас харагдаж байсан боловч гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэнд байна.