9. Иехоиахин хаан болохдоо найман настай байж, Иерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.
10. Дараа жилийн эхэнд Небухаднезар хаан хүн илгээн, түүнийг Вавилон уруу авчирч ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.
11. Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав.
12. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн юм. ЭЗЭНий төлөө ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруу болгоогүй юм.
13. Небухаднезар хаан Зедекиаг Бурханы нэрээр тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, хүзүүгээ ч хатуу болгон, зүрхээ хатууруулж, Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэсэнгүй.
14. Цаашилбал, тахилч нарын бүх түшмэд болон ард түмэн үндэстнүүдийн бүх бузар юмсыг даган маш итгэлгүй байв. Иерусалимд ариусгасан ЭЗЭНий өргөөг тэд бузарлажээ.
15. Тэдний эцэг өвгөдийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр Өөрийн ард түмэн болон Өөрийн орших газрыг энэрсэн билээ.
16. Гэвч ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг хөдөлж, ямар ч арга байхгүй болох хүртэл тэд Бурханы элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшин, Түүний эш үзүүлэгчдийг тохуурхсан юм.
17. Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.
18. Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.
19. Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.