12. Зовлон зүдгүүрт орсон хойно тэр өөрийн Бурхан ЭЗЭН уруу хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов.
13. Манассе Түүнд залбирахад, гуйлтанд нь Тэрээр сэтгэл хөдөлж, түүний хүсэлтийг сонсож, түүнийг Иерусалим уруу, өөрийнх нь хаант улс уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.
14. Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гаднах хэрмийг босгож, Загасан Хаалганы үүд хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.
15. Тэр бас ЭЗЭНий өргөөнөөс харийн бурхад, шүтээнүүдийг зайлуулж, ЭЗЭНий өргөөний уул болон Иерусалимд өөрийн босгосон тахилын ширээнүүдийг ч зайлуулан, хотын гадна гаргаж хаяжээ.
16. Тэрээр ЭЗЭНий тахилын ширээг босгон, дээр нь эвийн тахилууд болон талархлын тахилуудыг өргөв. Мөн Израилийн Бурхан ЭЗЭНд үйлчлэхийг Иудад тэр тушаав.
17. Тэгсэн хэдий ч ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр зөвхөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөсөөр байв.
18. Манассегийн бусад үйлс, Бурхандаа хандсан түүний залбирлууд болон Израилийн Бурхан ЭЗЭНий нэрээр түүнтэй ярьж байсан үзмэрчдийн үгс зэрэг нь Израилийн хаадын тэмдэглэлүүдийн дунд бий.
19. Бас түүний залбирлууд болон хэрхэн Бурханд хүсэлт тавьж байсан нь, түүний бүх нүгэл, түүний итгэлгүй байдал, өөрийгөө дорд болгохоос өмнө түүний мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон ба сийлмэл хөргүүдийг зоож байсан газрууд зэрэг нь Хозаин тэмдэглэлүүдэд бичигдсэн юм.
20. Ингээд Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг өөрийнх нь гэрт оршуулжээ. Түүний хүү Амон түүний оронд хаан болжээ.
21. Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав.
22. Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэж, өөрийн эцэг Манассегийн бүтээсэн бүх сийлмэл хөрөгт тахил өргөж, тэдгээрт үйлчлэв.
23. Үүнээс гадна, өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил тэрээр ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин Амон гэм бурууг арвижуулсан юм.