10. Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.
11. Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжнуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.
12. Зовлон зүдгүүрт орсон хойно тэр өөрийн Бурхан ЭЗЭН уруу хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов.
13. Манассе Түүнд залбирахад, гуйлтанд нь Тэрээр сэтгэл хөдөлж, түүний хүсэлтийг сонсож, түүнийг Иерусалим уруу, өөрийнх нь хаант улс уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.
14. Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гаднах хэрмийг босгож, Загасан Хаалганы үүд хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.
15. Тэр бас ЭЗЭНий өргөөнөөс харийн бурхад, шүтээнүүдийг зайлуулж, ЭЗЭНий өргөөний уул болон Иерусалимд өөрийн босгосон тахилын ширээнүүдийг ч зайлуулан, хотын гадна гаргаж хаяжээ.
16. Тэрээр ЭЗЭНий тахилын ширээг босгон, дээр нь эвийн тахилууд болон талархлын тахилуудыг өргөв. Мөн Израилийн Бурхан ЭЗЭНд үйлчлэхийг Иудад тэр тушаав.