Шастирын Дэд 32:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эдгээр итгэлт үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахаар санажээ.

2. Сеннахериб ирснийг, мөн Иерусалимд дайтахаар төлөвлөж байгааг нь Хезекиа хараад,

3. өөрийн түшмэд болон дайчидтайгаа хамтран хотын гадна байдаг булгуудаас усыг таслахаар шийдсэнд, тэд түүнд туслав.

4. Ингээд олон хүн цугларан, дүүргээр урсдаг бүх булаг, сувгуудыг хааж,—Яагаад Ассирийн хаан ирж, энэ их усыг олж эзэмших ёстой юм бэ? гэцгээв.

5. Тэрээр урам авч, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог батжуулан, их хэмжээний зэвсэг, бамбайнуудыг хийв.

6. Тэрээр ард түмнийг захирах цэргийн дарга нарыг томилоод, хотын дааман хаалган дээрх талбайд өөр уруугаа цуглуулаад, тэднийг урамшуулан ярихдаа—

7. Тууштай бөгөөд зоригтой байгтун. Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа энэ бүх түмнүүдээс бүү эмээ, бүү зүрх алдагтун. Учир нь бидэнтэй хамт байгаа Нэгэн нь түүнтэй хамт байгаа нэгнээс агуу юм.

8. Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна гэв. Тэгээд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.

9. Үүний дараа Ассирийн хаан Сеннахериб Лахиш хотыг бүх цэргийн хүчээрээ бүслэн байх үедээ Иерусалим уруу өөрийн зарц нарыг Иудагийн хаан Хезекиа болон Иерусалимд байсан бүх иудачуудын эсрэг илгээж,—

10. Ассирийн хаан Сеннахериб ийн хэлж байна. “Та нар юунд итгэж, бүслэгдсэн Иерусалимд үлдэнэ вэ?

11. Өөрсдийгөө өлсгөж, цангаан үхэлд хүргээсэй гэж «Бидний Бурхан ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж байгаа бус уу?

12. Өнөөх Хезекиа чинь Түүний мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг зайлуулаад, Иуда, Иерусалимд хандан «Та нар нэг тахилын ширээний өмнө мөргөж, түүн дээр л утлага уугиулах болой» гэсэн юм биш үү?

Шастирын Дэд 32