Шастирын Дэд 31:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израильчууд Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй баганануудыг хэсэглэн бутлаж, Ашерагийн модон шонг цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нураан, тэр бүгдийг устгаж дуусгав. Дараа нь Израилийн бүх хөвгүүд өөрсдийн хотууд уруу, хүн бүр өөрийн эзэмшил уруу харьцгаав.

2. Тэгээд шатаалт тахилууд, эвийн тахилуудыг өргөхийн тулд, мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар, левичүүдийн хүн нэг бүрийг өөрийнх нь үйлчлэлийн дагуу бүлэг бүлгээр нь үүрэгт ажилд Хезекиа томилов.

3. Тэр бас өөрийн эд зүйлсээс шатаалт тахилуудад, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн, өглөө, оройны шатаалт тахилууд, амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолуудад зориулагдсан шатаалт тахилуудад хааны хувийг тогтоожээ.

4. Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав.

Шастирын Дэд 31