Шастирын Дэд 30:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Хэрэв та нар ЭЗЭН уруу буцаж ирвэл, та нарын ах дүүс болон хөвгүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөлийг олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу буцаж ирвэл та нараас нүүрээ буруулахгүй” хэмээсэн.

10. Зарлагууд Ефраим болон Манассегийн нутаг даяар, Зебулуны чанад хүртэл хотоос хот дамжин явсан боловч хүмүүс тэднийг жигшин инээлдэж, доромжилж байв.

11. Хэдий тийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон, Иерусалимд ирцгээв.

12. ЭЗЭНий үгээр хаан болон ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байв.

13. Хоёрдугаар сард Исгээгүй Талхны Баярыг тэмдэглэхээр олон хүмүүс буюу асар том чуулган Иерусалимд цугларчээ.

14. Тэд босоод, Иерусалимд байсан тахилын ширээнүүдийг зайлуулжээ. Тэд бас утлагын тахилын ширээнүүдийг холдуулан, Кидрон горхи уруу хаяв.

15. Тэгээд хоёрдугаар сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг нядлав. Тахилч нар болон левичүүд өөрсдөөсөө ичиж, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий өргөөнд шатаалт тахилуудыг авчрав.

16. Тэд Бурханы хүн Мосегийн хуулийн дагуу өөрсдийн ёсын дагуу өөрсдийн байр байрандаа зогсоцгоов. Тахилч нар левичүүдийн гараас хүлээн авсан цусыг цацжээ.

17. Тэнд чуулганы дунд өөрсдийгөө ариусгаагүй олон хүн байсан учраас тэднийг ЭЗЭНд ариусгахын тулд бузар байсан хүн нэг бүрийн төлөө левичүүд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг нядлав.

18. Ард түмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг дээр бичигдсэнээс өөрөөр идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран,—Сайн ЭЗЭН уучлаг.

19. Хэдийгээр ариун газрын цэвэршүүлэлтийн журмын дагуу биш ч гэсэн эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох Бурханыг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг гэв.

Шастирын Дэд 30