5. Иймээс Израилийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэхээр тэднийг ирүүлэх тунхгийг Беершебагаас Дан хүртэлх бүх Израиль даяар тараан зарлах зарлигийг тэд гаргав. Учир нь энд бичигдсэн шиг ийм олон тооны хүнтэйгээр тэд энэ баярыг тэмдэглэж байгаагүй билээ.
6. Зарлагууд хааны тушаалын дагуу хаан болон түүний ноёдын гараас авсан захидлуудыг тээн бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН уруу эргэгтүн. Ингэвэл Ассирийн хаадын савраас зайлан, үлдсэн та нар уруу Тэр эргэнэ.
7. Эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандаж байсан эцгүүд болон ах нар шигээ бүү бай. Та нарын харж байгаагаар Тэрээр тэднийг аймшигтай болгосон билээ.
8. Өөрсдийн эцгүүд шиг хүзүүгээ бүү хатууруул, харин ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн уур та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн.
9. Хэрэв та нар ЭЗЭН уруу буцаж ирвэл, та нарын ах дүүс болон хөвгүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөлийг олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу буцаж ирвэл та нараас нүүрээ буруулахгүй” хэмээсэн.
10. Зарлагууд Ефраим болон Манассегийн нутаг даяар, Зебулуны чанад хүртэл хотоос хот дамжин явсан боловч хүмүүс тэднийг жигшин инээлдэж, доромжилж байв.
11. Хэдий тийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон, Иерусалимд ирцгээв.
12. ЭЗЭНий үгээр хаан болон ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байв.
13. Хоёрдугаар сард Исгээгүй Талхны Баярыг тэмдэглэхээр олон хүмүүс буюу асар том чуулган Иерусалимд цугларчээ.
14. Тэд босоод, Иерусалимд байсан тахилын ширээнүүдийг зайлуулжээ. Тэд бас утлагын тахилын ширээнүүдийг холдуулан, Кидрон горхи уруу хаяв.
15. Тэгээд хоёрдугаар сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг нядлав. Тахилч нар болон левичүүд өөрсдөөсөө ичиж, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий өргөөнд шатаалт тахилуудыг авчрав.
16. Тэд Бурханы хүн Мосегийн хуулийн дагуу өөрсдийн ёсын дагуу өөрсдийн байр байрандаа зогсоцгоов. Тахилч нар левичүүдийн гараас хүлээн авсан цусыг цацжээ.