Шастирын Дэд 29:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэгээд тэдэнд—Левичүүд ээ, намайг сонсогтун. Одоо өөрсдийгөө, мөн эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг ариусгаж, ариун газраас бузар зүйлсийг гаргагтун.

6. Учир нь бидний эцэг өвгөд итгэлгүй байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэн, Түүнийг умартан, ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан, нуруугаа харуулсан билээ.

7. Тэд бас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаж, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлагыг уугиулж, шатаалт тахилуудыг өргөсөнгүй.

8. Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ.

9. Харагтун, үүнээс болж бидний өвөг эцгүүд илдэнд унацгааж, бидний хөвгүүд, охид болон эхнэрүүд олзлогдсон юм.

10. Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.

11. Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэн, үйлчлэгчид нь болж, утлага уугиулахаар сонгосон билээ хэмээв.

12. Тэгээд левичүүд босоход кохатчуудын хөвгүүдээс Амасаигийн хүү Махат, Азариагийн хүү Иоел нар, Мерарийн хөвгүүдээс Абдийн хүү Киш, Иехаллелелийн хүү Азариа нар, гершончуудаас Зиммагийн хүү Иоа, Иоагийн хүү Еден нар,

13. Елизафаны хөвгүүдээс Шимри, Иеиел нар, Асафын хөвгүүдээс Зехариа, Маттаниа нар,

14. Хеманы хөвгүүдээс Иехиел, Шимеи нар, Иедутуны хөвгүүдээс Шемаиа, Уззиел нар байв.

15. Тэд ах дүүсээ цуглуулан, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий үгийн дагуух хааны тушаалаар ЭЗЭНий өргөөг цэвэрлэхээр оржээ.

16. Тахилч нар ЭЗЭНий өргөөний дотоод хэсгийг цэвэрлэхээр тийшээ орцгоогоод, ЭЗЭНий сүмээс олдсон бүх бузар зүйлсийг тэд ЭЗЭНий өргөөний хашаанд гарган хаяв. Тэгээд левичүүд үүнийг Кидроны хөндий уруу аваачихаар явав.

17. Ариусгах ажлыг тэд нэгдүгээр сарын эхний өдөр эхэлсэн бөгөөд тэр сарынхаа найм дахь өдөр тэд ЭЗЭНий үүдний танхимд оржээ. Тэгээд тэд ЭЗЭНий өргөөг найман өдрийн дотор ариусган, нэгдүгээр сарын арван зургаа дахь өдөр дуусгав.

18. Тэгээд тэд Хезекиа хаан уруу очиж,—Бид ЭЗЭНий өргөөг бүхэлд нь буюу шатаалт тахилын ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт, мөн ил тавих талхны ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт цэвэрлэлээ.

Шастирын Дэд 29