Шастирын Дэд 29:26-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Левичүүд Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилч нар бүрээтэйгээ зогсоцгоов.

27. Дараа нь тахилын ширээн дээр шатаалт тахил өргөх тушаалыг Хезекиа буулгав. Шатаалт тахил эхэлмэгц, Израилийн хаан Давидын хөгжмийн зэмсгүүдийг дагалдуулсан бүрээнүүдийн хамт ЭЗЭНд өргөх дуу бас эхэллээ.

28. Бүх чуулганыг мөргөж байх зуур дуучид бас дуулж, бүрээнүүд хүнгэнэж байв. Энэ бүхэн шатаалт тахилыг дуустал үргэлжилсэн юм.

29. Шатаалт тахилуудын төгсгөлд хаан болон түүнтэй хамт байгч бүхэн мэхийн сөгдөж, мөргөцгөөв.

30. Үүнээс гадна, Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалуудыг дуулахыг Хезекиа хаан болон түшмэд нь левичүүдэд тушаажээ. Тэд магтаалуудыг баяр хөөртэйгөөр дуулж, мэхийн сөгдөж, мөргөв.

31. Дараа нь Хезекиа—Та нар одоо өөрсдийгөө ЭЗЭНд ариусган өргөсөн учир ойртон ирж, тахилуудыг болон талархлын өргөлүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун хэмээв. Чуулган нь тахилууд болон талархлын өргөлүүдийг авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилуудыг ч авчирчээ.

32. Чуулганы авчирсан шатаалт тахилуудын тоо толгой нь далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахилд зориулагдсан байлаа.

33. Ариусгагдсан зүйлс нь зургаан зуун бух, гурван мянган хонь болжээ.

34. Гэвч тахилч нар маш цөөдөж, бүх шатаалт тахилуудын арьсыг өвчиж чадахгүй байлаа. Тийм учраас ажил бүрэн дуустал, мөн бусад тахилч нар өөрсдийгөө ариусгаж дуустал тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд тусалцгаав. Учир нь левичүүд өөрсдийгөө ариусгахдаа тахилч нарыг бодвол илүү ухамсартай хандсан байв.

35. Тэнд мөн олон шатаалт тахилууд эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүдийн хамт байлаа.

36. Тэгээд Хезекиа болон бүх ард түмэн Бурхан хүмүүст юу бэлдсэнийг хараад баярлан хөөрцгөөв. Учир нь энэ зүйл гэнэт тохиолдсон юм.

Шастирын Дэд 29