2. Тэр өөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.
3. Хаанчлалынхаа анхны жилийн нэг дэх сард тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг онгойлгож, тэдгээрийг засварлав.
4. Тэрээр тахилч нар болон левичүүдийг авчран, тэднийг зүүн талын талбайд цуглуулжээ.
5. Тэгээд тэдэнд—Левичүүд ээ, намайг сонсогтун. Одоо өөрсдийгөө, мөн эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг ариусгаж, ариун газраас бузар зүйлсийг гаргагтун.
6. Учир нь бидний эцэг өвгөд итгэлгүй байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэн, Түүнийг умартан, ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан, нуруугаа харуулсан билээ.
7. Тэд бас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаж, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлагыг уугиулж, шатаалт тахилуудыг өргөсөнгүй.
8. Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ.
9. Харагтун, үүнээс болж бидний өвөг эцгүүд илдэнд унацгааж, бидний хөвгүүд, охид болон эхнэрүүд олзлогдсон юм.
10. Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.
11. Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэн, үйлчлэгчид нь болж, утлага уугиулахаар сонгосон билээ хэмээв.
12. Тэгээд левичүүд босоход кохатчуудын хөвгүүдээс Амасаигийн хүү Махат, Азариагийн хүү Иоел нар, Мерарийн хөвгүүдээс Абдийн хүү Киш, Иехаллелелийн хүү Азариа нар, гершончуудаас Зиммагийн хүү Иоа, Иоагийн хүү Еден нар,
13. Елизафаны хөвгүүдээс Шимри, Иеиел нар, Асафын хөвгүүдээс Зехариа, Маттаниа нар,
14. Хеманы хөвгүүдээс Иехиел, Шимеи нар, Иедутуны хөвгүүдээс Шемаиа, Уззиел нар байв.
15. Тэд ах дүүсээ цуглуулан, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий үгийн дагуух хааны тушаалаар ЭЗЭНий өргөөг цэвэрлэхээр оржээ.