Шастирын Дэд 20:5-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэгээд Иехошафат Иуда болон Иерусалимын чуулганы дунд, ЭЗЭНий өргөөнд шинэ хашааны өмнө зогсоод,

6. залбиран—Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэрүүд дэх Бурхан юм бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалуудыг захирагч юм бус уу? Хэн ч Таны эсрэг зогсож чадахгүйн тулд хүч чадал Таны мутарт байдаг.

7. Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, газар нутгийг нь Өөрийн анд найз Абрахамын үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж үү?

8. Тэд энд амьдарч, Таны нэрийн төлөө Танд энд ариун газрыг барьж,

9. “Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг бузар муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа), зовлон шаналлынхаа дундаас Тан уруу хашхирах бөгөөд Та сонсож, биднийг аврах болно” гэсэн билээ.

10. Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй (израильчууд эргэж, тэднийг устгаагүй).

11. Та бидэнд өв болгон өгсөн Таны эзэмшлээс биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач.

12. Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна гэжээ.

13. Бүх иудачууд өөрсдийн нялх үрс, эхнэрүүд, хүүхдүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.

14. Тэгтэл чуулганы дунд ЭЗЭНий Сүнс Асафын хөвгүүдээс гаралтай леви хүн Маттаниагийн дөч, Иеиелийн гуч, Бенаиагийн ач, Зехариагийн хүү Иахазиел дээр буун иржээ.

15. Тэрээр—Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаан аа, сонсоцгоо. ЭЗЭН та нарт ийн айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү айж, бүү зүрх алдагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм.

16. Маргааш тэдний өөдөөс явагтун. Харагтун, тэд Зизийн өгсүүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Иеруелийн цөлийн өмнүүр хөндийн адгаас олох болно.

17. Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Өө, Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарын төлөөх ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү айж, бүү зүрх алдагтун. Маргааш тэдэнтэй нүүрээрээ тулгарахаар яв, учир нь ЭЗЭН та нартай хамт байна” хэмээв.

18. Иехошафат нүүрээ газар уруу харуулан тэргүүнээ бөхийлгөсөн бөгөөд бүх иудачууд болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНий өмнө унаж, ЭЗЭНд мөргөв.

19. Кохатчуудын болон корачуудын хөвгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн Бурхан ЭЗЭНийг магтахаар зогслоо.

20. Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож,—Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа өөрсдийн Бурхан ЭЗЭНд өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.

21. Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө яван,—ЭЗЭНий хайр энэрэл үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.

Шастирын Дэд 20