Шастирын Дэд 18:24-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Микаиа—Үзэгтүн, дотоод өрөө уруу нуугдахаар орох тэр өдөр чи ойлгоно гэв.

25. Израилийн хаан—Микаиаг аваад, хотын захирагч Амон болон хааны хүү Иоаш уруу буцаагтун.

26. Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.

27. Микаиа—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд,—Бүх ард түмэн, сонсогтун гэв.

28. Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеадын эсрэг хөдлөв.

29. Израилийн хаан Иехошафатад хандан—Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад, тэд тулалдаанд орлоо.

30. Арамын хаан морин тэрэгнүүдийнхээ ахмадуудад тушаан,—Та нар бага томтой нь бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв.

31. Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад,—Тэр хүн Израилийн хаан байна гээд, түүнтэй тулалдахаар эргэлээ. Харин Иехошафат хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав.

32. Морин тэргийн ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг мэдэнгүүтээ түүнийг хөөхөө болин эргэв.

33. Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгний хөтчид—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв.

34. Тэр өдрийн тулаан ширүүсэж, Израилийн хаан арамейчуудын өмнө тэргэн дотроо орой болтол тэргээ налж байгаад, нар жаргахад нас барлаа.

Шастирын Дэд 18