Шастирын Дэд 18:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иехошафат асар их эд баялаг, нэр хүндтэй байв. Тэрээр Ахабтай ураг холбосноороо түүнтэй нэгдэв.

2. Хэдэн жилийн дараа тэрээр Самарид Ахабтай уулзахаар явав. Ахаб түүнд болон түүнтэй хамт ирсэн хүмүүст зориулан маш олон хонь, үхрийг алж, Рамот-гилеадын эсрэг явж дайтахаар түүнийг ятгав.

3. Израилийн хаан Ахаб Иудагийн хаан Иехошафатад хандан—Чи надтай хамт Рамот-гилеадын эсрэг байлдахаар явах уу? гэхэд Иехошафат түүнд—Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд бид тулаанд тантай хамт байх болно гэв.

4. Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд—Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв.

5. Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс—Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл би түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд—Явагтун. Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.

6. Гэвч Иехошафат—Бидэнд асуучихаар ЭЗЭНий өөр нэг эш үзүүлэгч энд алга уу? хэмээн асуулаа.

7. Израилийн хаан Иехошафатад—ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин үргэлж бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлагийн хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.

8. Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан,—Имлагийн хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав.

9. Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.

Шастирын Дэд 18