6. Та нар ч бас тэдний дундаас Есүс Христийнх болохоор дуудагдсан хүмүүс юм.
7. Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай.
8. Юуны өмнө, та бүгдийн төлөө би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл бүх ертөнц даяар тунхаглагдаж байна.
9. Түүний Хүүгийн сайн мэдээний дотор миний сүнсээрээ үйлчилдэг Бурхан та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрчилнэ.
10. Залбирахдаа үргэлж Бурханы хүслээр одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж гуйдаг.
11. Учир нь та нарыг бат болгохын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцах гэсэндээ би та нарыг харахыг ихэд хүсдэг.
12. Өөрөөр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм.
13. Ах дүү нар аа, бусад үндэстнүүдийн дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар уруу очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна.
14. Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй.
15. Тиймд миний хувьд, Ромд байгаа та нарт ч мөн сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна.
16. Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн.
17. Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэн байдаг.