11. Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв.
12. Есүс Иоханыг баривчлагдсаныг сонсоод, Галил уруу буцлаа.
13. Тэр Назарыг орхиж, Зебулун болоод Нафталийн мужийн нуурын эрэг дэх Капернаумд ирж суурьшив.
14. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд
15. «Иорданы чанад тэнгис хүрэх зам дээрх Зебулуны болоод Нафталийн нутаг,харь үндэстнүүдийн Галил,
16. харанхуйд суугч хүмүүс агуу их гэрлийг харж,үхлийн нутагт ба сүүдэрт суугчдын дээр гэрэл тусав»гэсэн юм.
17. Тэр цагаас эхлэн Есүс—Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв.
18. Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж.
19. Есүс тэдэнд—Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв.
20. Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа.
21. Тэр тэндээсээ цааш явж байгаад өөр нэг ах дүү болох Зебедеен хөвгүүн Иаков, түүний дүү Иохан хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт загасны тороо сэлбэж байгааг хараад дуудав.
22. Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа.
23. Есүс бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.
24. Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.
25. Галил, Декаполис, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олон хүн Түүнийг дагалаа.