Матай 21:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Түүнийг Иерусалимд ороход бүх хотынхон үймэлдэж,—Энэ хэн билээ? гэцгээв.

11. Олон түмэн—Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.

12. Есүс сүмд орж ирээд худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, зоос солигчдын ширээ, тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод,

13. тэдэнд—“Миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгож байна гэв.

14. Сүмд байхад нь Түүн уруу сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ.

15. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор—Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд дургүйцэн

16. Түүнд—Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс—Тийм ээ, “Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв.

17. Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов.

18. Өглөө хот уруу буцахдаа Тэр өлссөн ажээ.

19. Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд—Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.

Матай 21