Матай 20:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. “Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг үүрч, өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ.

13. Гэвч эзэн тэдний нэгэнд “Анд минь, би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи нэг денараар ажиллана гэж надтай тохирсон биш үү?

14. Өөрийнхөө хөлсийг аваад, замаараа явж үз. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна.

15. Би өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу?” гэжээ.

16. Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.

17. Есүс Иерусалим өөд явах гэж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад замдаа тэдэнд—

18. Харагтун, бид Иерусалим өөд явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар, хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллаж,

19. харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.

20. Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдийнхээ хамт Түүн дээр ирээд өмнө нь мөргөж, Түүнд хүсэлт тавив.

21. Есүс түүнд—Та юу хүсээ вэ? гэхэд тэр—Та Өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг нь Өөрийнхөө баруун талд, нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэв.

22. Харин Есүс—Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аяганаас та нар ууж чадах уу? гэсэнд тэд—Чадна гэцгээв.

23. Тэр тэдэнд—Та нар Миний аяганаас ууна. Харин Миний баруун, зүүн талд суухыг чинь Би шийдэхгүй. Харин энэ бол Миний Эцэгийн бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж хэлжээ.

Матай 20