Матай 12:29-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн түүний гэрт нь ороод эд хөрөнгийг нь булааж чадах билээ? Хүлсний дараа л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ.

30. Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн.

31. Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй.

32. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.

33. Эсвэл мод нь сайн бол үр жимс нь сайн, мод нь муу бол үр жимс нь муу ажээ. Учир нь модыг үр жимсээр нь таньдаг.

34. Хорт могойн удам аа! Та нар өөдгүй хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бялхалаас ам ярьдаг.

35. Сайн хүн өөрийн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн өөрийн муу баялгаас мууг л гаргадаг.

36. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно.

37. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө, мөн чи үгсээрээ яллагдана гэв.

38. Тэгтэл хуулийн багш нар ба фарисайчуудын зарим нь Түүнд—Багш аа, бид Танаас тэмдэг үзэхийг хүсэж байна гэсэнд,

39. харин Тэр тэдэнд—Хорон муу болоод завхай үеийнхэн тэмдгийг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр ямар ч тэмдгийг тэдэнд өгөхгүй.

40. Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.

Матай 12