Матай 12:2-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Гэтэл үүнийг фарисайчууд хараад, Түүнд—Хараач, Таны шавь нар амралтын өдөр хууль бус юм үйлдэж байна гэцгээв.

3. Харин Есүс тэдэнд хэлсэн нь—Давид болон түүнтэй хамт байгсад нь өлссөн үедээ юу хийснийг та нар уншаагүй юу?

4. Давид Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас тэр болон түүнтэй хамт байгсад нь идсэн шүү дээ.

5. Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар Хуулиас уншаагүй гэж үү?

6. Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна.

7. Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан.

8. Учир нь Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн.

9. Есүс тэндээс явж, тэдний синагогт орлоо.

10. Хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар—Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад,

11. Тэр тэдэнд—Хэрэв та нарын дундаас хэн нэгэн нь ганцхан хоньтой байгаад тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал, хонио барьж, тэндээс гаргана биз дээ?

12. Тэгвэл хүн хониноос аль хир эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд,

13. мөнөөх хүнд хандан—Гараа сунга гэсэнд, тэр хүн сунгамагц гар нь нөгөө гарынхаа адил зүгээр болов.

14. Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар хамтдаа Түүний эсрэг зөвлөлдөв.

15. Харин Есүс үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг олон хүн дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд,

16. Өөрийг нь мэдүүлж болохгүйг тэдэнд сануулав.

Матай 12