Марk 9:18-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Хүүг минь тэр эзэмдэх болгон түүнийг газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахарч, шүдээ хавирч, бие нь хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв.

19. Есүс тэдэнд—Ээ, итгэлгүй үеийнхэн, та нартай Би хэдий удаан байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ Над дээр авчир гэлээ.

20. Тэд хүүг Түүн дээр авчрав. Есүсийг хармагц, тэр даруй мөнөөх сүнс хүүг маш хүчтэй татвалзуулж, газар унагахад тэр амнаасаа хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав.

21. Есүс хүүгийн эцгээс—Тэр хэр удаан ийм байдалтай байсан бэ? гэж асуухад, эцэг нь—Багаасаа л ийм байсан.

22. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг байлаа. Харин хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэлээ.

23. Есүс түүнд—“Хэрэв Та чаддаг бол” гэв үү? Итгэлтэй хүнд бүх юм боломжтой гэхэд,

24. хүүгийн эцэг тэр дороо хашхирч—Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэсэнд,

25. Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд—Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав.

26. Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулан хаяад, түүнээс гарав. Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг—Тэр үхчихлээ гэжээ.

27. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.

28. Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс—Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? гэж тусгайлан асуухад,

29. Тэр—Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв.

30. Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэн нь үүнийг мэдэхийг Есүс хүссэнгүй.

31. Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд—Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав.

32. Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа.

33. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс—Замдаа та нар юун тухай маргалдаад байв аа? гэж тэднээс асуув.

34. Гэвч тэд дуугүй байлаа. Учир нь шавь нар нь замдаа хэн хамгийн агуу нь болох талаар хоорондоо маргалджээ.

Марk 9