10. Есүс тэдэнд—Та нар ямар айлд орно, хотоос явтлаа тэндээ бай.
11. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унагаарай гэжээ.
12. Тэд явж, хүмүүс гэмших ёстойг тунхаглав.
13. Тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй олон хүнийг тосоор тослон эдгээжээ.
14. Херод Хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурссан байлаа. Хүмүүс—Баптисм хүртээгч Иохан үхэгсдээс амилжээ. Тийм учраас Түүнд гайхамшигт хүч байна гэж ярилцаж байв.
15. Харин зарим нь—Тэр бол Елиа, зарим нь—Тэр бол эртний эш үзүүлэгчдийн нэгний л адил эш үзүүлэгч байна гэж байлаа.
16. Харин Херод үүнийг дуулаад—Миний цаазалсан Иохан амилжээ гэв.
17. Учир нь Херод өөрийнхөө дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул түүнээс болж Иоханыг бариулан шоронд хориулжээ.
18. Учир нь Иохан Херодод—Дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн байв.
19. Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй.
20. Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо тээнэгэлздэг ч дуртайяа сонсдог байлаа.
21. Хүлээсэн өдөр нь ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар болоод Галилын хүндэт хүмүүст зориулж зоог барьжээ.