Марk 14:17-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирлээ.

18. Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг нь буюу Надтай хамт хооллож буй хүн Надаас урвана гэлээ.

19. Тэд гунигтай болон, нэг нэгээрээ Түүнд—Би лав биш биз дээ? гэлээ.

20. Есүс тэдэнд—Тэр нь арван хоёрын нэг, Надтай хамт нэг хуланд гар дүрж байгаа нэг нь мөн.

21. Яагаад гэвэл Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэж айлдав.

22. Тэднийг зооглон байх зуур Есүс талх аваад ерөөсний дараа, хуваан тэдэнд өгөөд,—Үүнийг ав. Энэ бол Миний бие гэв.

23. Тэр аяга авч, талархал өргөөд, аягаа тэдэнд өгөв. Тэд цөмөөрөө түүнээс уулаа.

24. Есүс тэдэнд—Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно.

25. Үнэнээр Би та нарт хэлье. Би Бурханы хаанчлалд дахин шинээр дарс уух тэр өдрийг хүртэл усан үзмийн дарс дахин хэзээ ч уухгүй гэж айлдав.

26. Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.

27. Есүс тэдэнд—Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.

28. Харин Би амилуулагдсаныхаа дараа, та нараас өмнө Галилд очно гэв.

Марk 14