7. Тэр тунхаглаж—Надаас хүчирхэг Нэгэн араас минь ирж байна. Би доош бөхийж, Түүний шаахайн сурыг тайлах нь зохисгүй.
8. Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв.
9. Тэр өдрүүдэд Есүс Галилын Назар хотоос ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ.
10. Голын уснаас гарч ирсэн тэр даруй тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Есүс үзэв.
11. Тэнгэрээс дуу гарч,—Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог хэмээв.
12. Тэр даруйд Сүнс Есүсийг цөл уруу явуулав.
13. Есүс Сатанд соригдон цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын хамт байсан бөгөөд тэнгэр элч нар Түүнд үйлчилж байлаа.
14. Иоханыг хоригдсоны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайн мэдээг тунхаглан,—
15. Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн гэж байлаа.
16. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор тавьж буй Симон, Симоны дүү Андрей нарыг харав. Тэд загасчид ажээ.
17. Есүс тэдэнд—Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё гэж айлдав.