14. Иоханыг хоригдсоны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайн мэдээг тунхаглан,—
15. Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн гэж байлаа.
16. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор тавьж буй Симон, Симоны дүү Андрей нарыг харав. Тэд загасчид ажээ.
17. Есүс тэдэнд—Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё гэж айлдав.
18. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.
19. Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав.
20. Тэр даруйд Тэр тэднийг дуудсанд, тэд завинд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт орхиж, Есүсийг даган одоцгоолоо.
21. Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт ороод сургаж эхлэв.
22. Хүмүүс Түүний сургаалыг гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг биш, эрх мэдэлтэй нэгэн мэт тэдэнд сургаж байв.
23. Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй хүн байжээ. Тэр хүн хашхиран—
24. Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таныг хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг чинь би мэднэ гэв.
25. Есүс түүнийг буруушааж,—Дуугүй бай. Түүнээс гар гэв.
26. Бузар сүнс тэр хүнийг унагааж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав.
27. Бүгд гайхаж өөр хоорондоо—Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал! Тэр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд Түүнийг дуулгавартай дагаж байна гэж ярьж байлаа.
28. Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар газар бүрд тархжээ.
29. Синагогаас гарч ирсний дараа тэр даруй тэд Иаков, Иохан нарын хамт Симон, Андрей хоёрын гэрт очив.
30. Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэр даруйд тэд түүний тухай Есүст хэлэхэд
31. Тэр түүн уруу ирээд гараас нь барин босгоход тэр эмэгтэй халуурахаа болиод, тэдэнд үйлчилжээ.