Лук 8:7-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Зарим үр нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэг ургаж, тэднийг барьчихаж.

8. Зарим үр нь сайн хөрсөнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад,—Сонсох чихтэй нь сонсогтун гэв.

9. Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл нь ямар утгатай болохыг Түүнээс асуухад

10. Тэр—Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин харавч тэд харахгүй, сонсовч ойлгохгүйн тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг.

11. Энэхүү сургаалт зүйрлэл нь ийм юм. Үр нь Бурханы үг.

12. Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд тэд итгэн аврагдахгүйн тулд диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг.

13. Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ.

14. Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй.

15. Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм.

16. Хэн ч дэнлүү асаасныхаа дараа дээр нь сав хөмрөн тавьдаггүй, эсвэл дэнлүүгээ орон дор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тул дэнлүүний суурин дээр тавьдаг.

17. Учир нь илчлэгдэхгүй байхаар далдлагдсан юм гэж үгүй бөгөөд мэдэгдэж илрүүлэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ.

18. Иймээс та нар яаж сонсож байгаагаа анхаарагтун. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.

19. Тэгтэл эх, дүү нар нь Түүн уруу ирэв. Маш олон хүн байсан учир тэд Түүн уруу очиж чадаагүй тул

20. Түүнд—Эх, дүү нар тань гадаа зогсож байна. Тантай уулзах гэнэ гэж хэлүүлэв.

21. Харин Есүс тэдэнд—Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгчид нь Миний эх, Миний дүү нар мөн гэжээ.

Лук 8