Лук 7:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болох үед зуутын дарга андуудаа илгээн,—Эзэн, Та Өөрийгөө цаашаа бүү чилээ. Учир нь Таныг дээвэр дороо оруулах зохистой хүн би биш.

7. Иймээс би өөрийгөө ч Тан уруу очих нь зохисгүй хэмээн үзэв. Харин Та зөвхөн үгээ айлдаач, тэгвэл боол маань эдгэнэ.

8. Учир нь би ч мөн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний доор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явж, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ.

9. Есүс үүнийг сонсоод ихэд гайхан, Өөрийг нь дагаж явсан олонд хандан—Та нарт Би хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл хараагүй шүү гэлээ.

10. Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх боол эрүүл болсныг олж харав.

11. Үүний дараа удалгүй Есүс Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь, мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа.

12. Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед хүмүүс нэг үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхноос нилээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв.

13. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд—Бүү уйл гэв.

14. Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс—Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд

15. үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингээд Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв.

Лук 7